Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-12-21 03:58:01

УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

/ 2022 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар/

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан. (УЦУОСМХүрээлэнд)

Зуншлагын байдлыг 10 хоногт тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 30 орчим хувьд сайн, 40гаруй хувьд дунд зэрэг 30 гаруй хувьд муу үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл нутгийн баруун хойд болон зүүн өмнө зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 80 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч ихээхэн хэтэрч гарсан байна.

Цасан бүрхүүлийн мэдээгээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байгаагаас Тэс, Баруунтуруун, Малчин, Давст сумдын нутгаар 11-13 см, Сагил, Түргэн, Улаангом, Зүүнговь, Цагаанхайрхан, Хяргас сумдын  нутгаар 3-8 см, бусад нутагт 1 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-40 см зузаан цастай байна.

Цас удаа дараа орж, зузаан нь нэмэгдэн 11 дүгээр сарын сүүлчээр эрс хүйтэрсэн, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ нарийвчлагдаж гарсан тул бид зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, 12 дугаар сарын 01-ний байдлаар гаргав.

 2022 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл  нийт нутгийн 90 гаруй хувьд их буюу нэн их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй зэрэглэлд хамрагдаж гарсан байна.

Зуд болох нэн их эрсдэлтэй   Сагил, Тариалан, Улаангом сумдад нийт нутгаар  Бөхмөрөн сумын Хадын ус, Байшинт, Хяргас сумын Бугат,  Зүүнхангай сумын Баянгол, Түргэн сумын Рашаант, Баянхайрхан, Эрдэнэхайрхан Малчин сумын Цалгар, Баян эрдэнэ, Баян хайрхан, Баянмандал, Завхан сумын Хяргас, Шар булаг, Хармагт, Тэс сумын 8,9,10,11-р баг Зүүнговь сумын Суварга  Ховд сумын Ачит, Халиун Өлгий сумын Өлгий нуур Өмнөговь сумын Улиаст Наранбулаг сумын Хужирт, Гүн бүрд Давст сумын Торхилог Өндөрхангай сумын Жаргалант Цагаанхайрхан сумын Ар булаг, Далан хуруу, Хулж, Хунт багууд орж байна.

 

Харин их эрсдэлтэй Баруунтуруун сумын нийт нутгаар Бөхмөрөн сумын Гурван жигэртэй, Ховд сумын Халиун, Ховд, Шивэр, Өмнөговь сумын Баянгол, Орлого, Намир, Холбоо, Өлгий сумын Чаргат, Хөдөлмөр, Хулст, Завхан сумын Шар булаг, Айраг, Хармагт, Зүүнхангай сумын Жаргалант, Даланбулаг, Хяргас сумын Хайрхан, Бугат, Хангай, Малчин сумын Баян эрдэнэ, Баян хайрхан, Баянмандал, Түргэн сумын Рашаант, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан сумын Ар булаг, Далан хуруу, Хулж, Хунт, Тэс сумын 1, 2, 3, 4, 5-р баг, Зүүнговь сумын Өгөөмөр, Зэл, Баяннуур, Тохой, Наранбулаг сумын Алдар, Улаанүзүүр,   Өндөрхангай сумын Цэцэрлэг, Жаргалант, Цагааннуур, Давст сумын Хандгайт багууд хамрагдаж байна. 

Өндөрхангай сумын Цалуу, Батсайхан багуудын зарим нутгаар дунд зэргийн эрсдэлд хамрагдаж гарчээ.

Энэ жил гандуу болон гантай  байсан нутгаар бэлчээрийн нэгжийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой хэт ихтэй зэрэг нь зудын эрсдэлийн улам нэмэгдүүлж байна.

Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам нэмэгдүүлсээр байна.

Цаашид цасан бүрхүүл тогтох, цасны зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрд зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

Увс аймгийн УЦУОШТ

ХААЦУ-ын салбар

2022-12-02-НЫ ӨДӨР